ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ


ЗАГАЛМАЙН СҮНСЛЭГ БАЙДАЛ


Чухал зүйл: 1Коринт 1:18, 27


“Загалмайн үг нь мөхөгсдийн хувьд мунхаглал бол аврагдаж буй бидний хувьд Бурханы хүч мөн” (18) 


“Харин Бурхан цэцдийг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгожээ” (27) 


Монгол дахь мишеонер, Ази дахь тив хариуцсан зохицуулагчаар дамжуулан намайг урьсан та нарт талархал илэрхийлье. Мөн намайг энд ирэх боломж гарган өгсөн ЮБФ-ийн удирдагч Рон Уард пасторт талархал илэрхийлье. 

Өнөөдөр би та бүхэнтэй Есүсийн загалмайн сүнслэг байдлын талаар хуваалцмаар байна. (Энэхүү “сүнслэг байдал” гэснийг “мөн чанар, утга учир” хэмээн ойлговол дөхөм мэт харагдаж байна. Орч.) Та нарын мэддэгчлэн, “Загалмай” нь Есүсийн цовдлолын болон Христитгэлийн бэлгэдэл юм. Загалмайгаа үүрч, Өөрийг нь дагахыг Есүс биднээс хүссэн. (Марк 8:34) Есүстэй уулзан, загалмайн утга учрыг таньснаар бид сүнслэг байдалд илүү өсөх болно. Тэгвэл загалмайн сүнслэг байдал нь ямар вэ?


Нэгд, энэ нь “мөхөс болоод мунхаг” байдал юм. Эдгээр үгс зөрчилтэй сонсогдож магадгүй. Ромын Эзэнт гүрний хаан Агуу Константин дайсантай байлдахдаа загалмай дүрсэлсэн туг өргөн довтолдог байсан. Загалмайтнууд (Crusades) болон Английн армийн командлагч Оливер Корнвелл ч мөн загалмайт тугтай байв. Гэхдээ л загалмайн мөн чанар бол мөхөсдөл хийгээд мунхаглал юм. Элч Паул “Загалмайн үг нь мунхаглал” (1Кор 1:18а) гээд “Бурхан мэргэдийг ичээхийн тулд ертөнцийн мөхсийг сонгосон” гэж хэлж байна. Дэлхий ертөнцийн нүдний өмнө Есүс мөхөс, мунхаг амьдралаар амьдарсан. Тэр ядуу мужааны хүү болж, тэжээлийн тэвшинд мэндлэв. Түүнд орон гэр, ор дэр байгаагүй. Есүс “Үнэгэнд нүх, тэнгрийн шувуудад үүр байдаг ч Хүний Хүүд толгой тавих газар үгүй” гэж хэлсэн.(Мат 8:20) Есүс гологдож, жигшигдэж, шавь нар нь хүртэл Түүнээс урвасан. Эш үзүүлэгч Исаиагийн хэлсэнчлэн Есүс “Өвчин зовлонг мэдэгч, зовлон шаналлын хүн” ажээ. (Исаиа 53:3) Тэр зовлон эдэлж, загалмай дээр нас барсан. Загалмай бол хүн төрөлөхтөний бодож олсон хамгийн тарчлаантай, харгис шийтгэл юм. Есүс нүцгэлүүлж, тамлуулж, жигшигдэн модонд өлгөгджээ. Энэхүү загалмай нь ичгүүр, зовлон, шийтгэл, жигшүүрийн бэлгэдэл юм. Таны хувьд загалмайн мөн чанар нь юу вэ? 

Элч Паул үүнийг ойлгожээ. Тэрбээр “Мөхөсдөл, айдас, үлэмж чичрэл дор би та нартай хамт байсан” (1Кор 2:3), “Сайрхах ёстой бол би мөхөсдлөөрөө сайрхана”(2Кор 11:30), “…өөрөөрөө бол мөхөсдлөөсөө бусдаар сайрхахгүй” (2Кор 12:5) хэмээжээ. Үйлс номоос үзэхэд Паул бол зан чанарын хувьд нэлээд хүчирхүү хүн байсан. Тэр бол манай ЮБФ чуулганы Ази дахь үйлчлэлийн эрхэм хамтрагчид та нар мэт хэзээ ч бөөрөнхий байдал гаргадаггүй, хэзээ ч сайнмэдээний үнэний төлөө буулт хийгээгүй. Тэр Лустрт нэг удаа чулуугаар шидүүлээд бараг үхсэн боловч босонгуутаа хот руу ороод дахин сайнмэдээ дэлгэрүүлж байсан. Ийм хүн “Мөхөсдлөөр сайрхана” гэж юу ярьж байна вэ? 2Коринт 12:9,10-т Паул “Тэр надад «Миний нигүүсэл чамд хангалттай. Учир нь мөхөсдөлд [Миний] хүч бүрэн төгс болдог» гэж айлдсан. Иймд Христийн хүч надад орших тул би ихэд баяртайгаар мөхөсдлөөрөө илүү сайрхана. Иймд Христийн төлөө мөхөсдөл, доромжлол, гачигдал, хавчлага, шахалтдаа би баяртай байна. Учир нь би хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг” хэмээжээ. 

Хэзээ мөхөсдөнө, тэр үедээ хүчтэй байдаг гэдэг нь бидэнд ямар утгатай вэ? Бид хэрхэн мөхөсдлөөрөө хүчирхэг болж чадах вэ? Би ганцаараа бол мөхөс боловч, Есүс намайг хүчтэй болгодог. Өөрөөр хэлбэл, биднийг мөхөс байх үед Христийн хүч бидний дээр оршдог. Бид харцаа Есүс өөд хандуулж, Түүнд түшиглэдэг. Мөхөсдөл маань биднийг загалмай өөд аваачдаг. Бас мөхөсдөл маань Есүсийн загалмайн өмнө л тайтгардаг. Загалмайн өмнө сөхрөхөд бид уучлал, эдгэрэл, найдвар зэргийг амсах ба Есүсийн загалмайнаас хэмжээлшгүй баяр хөөр, хүч чадал ирдэг. Фенни Кросби нь бага насандаа хараагүй болсон хүн юм. Түүний амьдрал зовлон, уй гашуугаар дүүрэх гэж байв. Гэхдээ тэр Есүсийн загалмай өөд очиж, тэндээс өөрийгөө шинээр олж авсан. Загалмайн дэргэд түүний сүнсний нүд нээгдэв. Тэгээд тэр: 


“Миний төлөө их Эзэн загалмайг үүрэхдээ

Дэлхийн гэмийг бүгдийг үүрч зовлон гуниг амсчээ

            Есүс ээ, Есүс ээ миний гэмийн төлөө

             Цусаа урсгасан учи

          Гэмтэй намайг аваач” гэсэн үгтэй магтаалын дууг зохиосон байдаг. 1998 онд намайг Чикагод талбарын дасгал авч байх үед талийгаач Самуел Ли доктор Матай 27-р бүлгээр “Есүс цовдлогдсон нь” гэдэг зарлигийг заасан юм. Тэр зарлиг дээр “Есүс Бурханы хүслийг дуулгавартай даган загалмайд нас барсан юм. Гэвч өнөө үед бол “Дуулгавар” гэдэг үгэнд дургүй хүмүүс олон болжээ.” гэж хэлж байв. Дуулгавартай дагах дуртай хүн байдаггүй. Харин Есүс бол, Алгаслын Хурга болж үхэх Өөрт нь тавьсан Бурханы хүслийг баяртайгаар дагасан юм. Есүс дуулгавартай дагахын тулд тэнгэрийн хаанчлалын сүр хүч, алдар суугаас татгалзсан. Дуулгавартай байхын тулд юуны өмнө даруу байх хэрэгтэй. Есүс ч Өөрийгөө даруу болгож, юу ч үгүй хоослосон. Түүний дуулгавартай байдал нь өнгөн талын зүйл төдий байсангүй. Харин Тэр үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байсан. (Флп 2:6-8). Түүний дуулгавартай байдлыг Тэр цусаараа харуулсан. Хүн төрөлөхтөний дээд өвөг Адам Бурханыг дуулгавартай дагаагүй тул гэм ба үхэл ертөнцөд орж иржээ. Харин Есүс загалмайн үхэлд хүртэл Бурханыг дуулгавартай дагасан тул түүнд итгэгч бүхэнд авралын үндэс болсон юм. (Евр 5:8,9) Би үүргийн загалмайг үүрэхээс зайлсхийх үедээ маш өрөвдөлтэй болдог байсан. Харин Есүсийн загалмайг үүрэхээр шийдэх үед тэнгэрлэг баяр хөөр, амар тайван, мөнх амийг амсах хайр ивээлийг Бурхан надад өгч байсан. Бидний дунд гүн гашуудал, зовлон, зовууртай хүн байна уу? Тийм бол загалмай өөд ирээд Есүсийг хараарай. Гундаж, уйтгарласан хүн байна уу? Мөн л загалмай өөд ирээд Есүсийг хараарай. Чуулганы түүхийг харвал Хриситгэгчид дорой, мунхаг хүмүүсээр тооцогдож байсан. Үйлс номд гардаг Стефан бол уурлаж догширсон бөөн хүн өөр рүү нь чулуу шидэж байхад эсэргүүцээгүй. Харин тэд тэдний төлөө залбирч, Бурханыг магтан нас барсан. Олон олон итгэгчид арслангийн нүхэнд хаягдаж, шатаагдаж үхсэн. Африкт буй манай ЮБФ-ийн мишенерүүд ч мөхөсөл ба зовлон дунд байсан. Моника Пак мишеонерийг тэнгэрийн улс руу явах үеэр намайг тийшээ очих үед тэд өвдөг сөгдөөд Бурхан өөд хашгиран залбирч байсан. Загалмай дотор тэд тайвшралыг олсон. Загалмай дотор тэд хүчирхэгжсэн. Бурхан Африк дахь манай мишеонерүүдийн итгэл ба залбирлыг ивээж өгсөн. Одоо Бурхан Африкт олон тооны уугуул хоньчдыг босгон өгч байна. Тэд мөхөсдөл ба ядуу байдалд байхдаа загалмай өөд очоод нулимстайгаар залбирч байсныг би мэднэ. Тэд Есүсийн загалмай дотор тайтгарч, хүчийг олж авсан. Гэхдээ өнөө үед зарим итгэгчид энэ ертөнцөд хэтэрхий хүчирхэг, хэтэрхий баян болжээ. Тэд загалмай өөд очихоо бүр больжээ. Тэдний нулимс хатсан. Христийн загалмай нь тэдгээр хүмүүсийн хувьд зүүсгэл төдий болон үлджээ. Сүмийн номлолоос Христийн загалмай алгуурхан алга болж байна. Бид амьдралдаа Есүсийн загалмайг эргүүлэн авчрах ёстой. Бид мөхөсдөл, гэм нүглээ хүлээн зөвшөөрч, Есүсийн загалмай өөд очих ёстой. Загалмайн өмнө өөрийн хэн гэдгээ дахин ухаарах хэрэгтэй. Бид “Эзэн, би нүгэлт хүн тул надаас холдооч!” хэмээн наманчлах учиртай. (Лук 5:8) Загалмайн замыг ухаарч, түүгээр сайрхсан манай ЮБФ-ийн мишеонерүүдийн үлдээсэн сүнслэг өвийн замаар бид алхах хэрэгтэй. Хамтдаа загалмайн өмнө өвдөг сөхөрч, хатсан зүрх сэтгэлээ одоо гэмшицгээе. Бурхан Азид сүнсний сэргэлтийн галыг ноцоох болтугай. 


Хоёрт, загалмайн сүнслэг байдал нь “сайн сайхан” юм. Иохан 1:14-т “Үг махан бие болж, бидний дунд оршсон” гэжээ. Энэ зарлиг, Есүс нь Өөрөө Бурхан боловч, сайн сайхны Хүн болсон гэдгийг тайлбарласан хэрэг юм. Есүсийн сайн сайхан нь Өөрийгөө умартахаас эхэлсэн. Юуна өмнө, Есүс энэ дэлхийд ирэхийн тулд Өөрийгөө умартжээ. Тэр Тэнгэрийн улсын хаан ширээ болон Бурхан алдраа орхиж, хүний дүрээр ирсэн. Сайн хүн гэж хэн бэ? Энэ нь бусдын төлөө өөрийг золиос болгодог хүн юм. Есүс Өөрийгөө умартаж, янз бүрийн өвчтэй, аргаа барсан хүмүүст өдөр шөнөгүй тусалж байсан. Тэр уяман өвчтэй хүнд гарч хүрч, “Би хүсэж байна, Цэвэрш!” гэсэн зарлигаар эдгээж өгсөн. Тэр хатангир гартай хүнийг Амралтын өдөр эдгээснээр амь насаа ч эрсдэлд оруулж байсан. Тэр Өөрийг даруу болгож, шавь нарынхаа хөлийг угаахад тэдний дунд урвагч Искариотын Иудас ч байсан. Есүс гэм нүгэлгүй байсан ч ертөнцийн нүглийг үүрэгч Бурханы Хурга болсон билээ. Эцэст нь тэр загалмайг үүрч, ертөнцийн нүглийн төлөө цусаа урсгасан юм. 

Загалмайнаас бид Есүсийн сайн сайхныг харж болно. Энд бид Бурханы сайн сайхныг хүний ёс суртахуунаар биш, харин Авралын түүхэн дэх Бурханы итгэмж ба үнэнээр тодорхойлох нь зүйтэй. Элч Паулын хэлсэнчлэн зөвт байдал, ариусал ба золилт нь Есүсийн загалмайнд байдаг.(1Кор 1:30) Ойрын үед миний сэтгэлд “Эзэн бол сайн, Түүний хайр энэрэл мөнхийнх” хэмээх зарлиг цуурайтах боллоо. Бидний Бурхан бол сайн, Туйлын сайн Нэгэн билээ. Бурхан 6 өдөрт бүтээлээ дуусгасны дараа ямар байсан бэ? Тэр “Эдгээр нь сайн болсныг Бурхан харлаа” гэжээ. Бас тэр Өөрийн дүр төрхөөр, Өөртэйгээ адилхан хүнийг бүтээсний дараа ямар байсан бэ? “…бүгд нэн сайн болсныг Бурхан харлаа” гэжээ. Сайн Эзэн Еден цэцэрлэгийг бүтээсэн. Еден гэдэг нь “Баяр хөөр” гэсэн үг юм. Манай эхнэрийн нэрийг “Баярхөөр” (Joy) гэдэг. Еден цэцэрлэгт Бурхан гэр бүлийг цогцлоож, ерөөсөн юм. Тэднийг гэмд бүдрэхэд, Бурхан эмэгтэйн үр удамд Мессиаг илгээнэ гэж амлав. Тэр тэдний нүцгэнийг далдалж, мөнх амийн төлөө амийн модыг хадгалсан. Тэр мөн горь тасарсан хөгшин Абрахамыг дуудаад, түүнийг агуу үндэстэн болгож, үр удам нь болох Есүсээр бүх дэлхийг ерөөхөө амласан. Эзэн Бурхан Египетэд буй ард түмнийхээ хашхирааныг сонсч, Фараоны савраас чөлөөлж, Амлалтын Газар өөд удирдсан. Тэднийг цөлд 40 жилийн турш маннагаар хооллосон. Израйлчууд Түүний эсрэг тэрсэлж, шүтээнд мөргөх бүрт Бурхан агуу тэвчээр, өрөвч сэтгэлээр, тэднийг гэмшиж, Өөр рүү нь эргэхэд тусалж байсан. Эцэст нь Тэр цор ганц Хүүгээ ертөнцийн нүглээс болж дэлхий рүү илгээсэн билээ. Библийн түүх бидэнд Бурхан Өөрийгөө хэрхэн умартаж, ард түмнээ золиосын хайраар хайрласныг өгүүлдэг. Түүний сайн сайхан хийгээд зөвт байдал нь тэдэнтэй цаг ямагт хамт байсан. Тиймээс Давид хаан ийн дуулжээ. 


“Сайн сайхан хийгээд хайр энэрэл тань

Насан туршид мнь намайг лавтай яа дагана. 

Эзэний өргөөнд би мөнхөд оршин сууна.” (Дуулал 23:6) Амен! 


Есүсийн загалмай бол Бурханы сайн сайхны ноён оргил юм. Загалмайн хүчээр бидний төрөлх Бурхан төрх маань сэргэсэн. Загалмайн хүчээр уур, жигшил, хорсол, гуниг, айдас, хорон муу бүхэн минь цас адил хайлсан. Бурхан орчлон ертөнцийг ч бүтээхээс өмнө бидэнд тавьж байсан тэрхүү агуу төлөвлөгөө тааллыг биелүүлж чадахуйц шинэ бүтээл, шинэ хүний байр сууринд бид загалмайн хүчээр л хүрсэн. Есүс шавь нартаа “Та нар ертөнцийн гэрэл мөн. Уулан дээрхи хот нуугдаж үл чадна… Хүмүүс та нарын сайн үйлсийг хараад, тэнгэр дэх Эцэгийг тань алдаршуулахын тулд та нарын гэрэл тэдний өмнө тийнхүү гэрэлтэг” (Матай 5:14, 16) хэмээн айлджээ. Элч Паул Галатын чуулганы итгэгчидийг “Сайныг үйлдэхдээ үл цуцъя. Учир нь бид шантрахгүй байвал цаг нь болохоор хурааж авна” (Гал 6:9) хэмээн зоригжуулсан. Модер Сара Берри бол үл тоогдон хаягдсан хүмүүсийн төлөө, ялангуяа Солонгосын залуу оюутнуудын төлөө өөрийг огоорох сайн сайхан амьдралаар амьдарсан хүн юм. Тэр өөрөө гэрлээгүй боловч хоньддоо үр хүүхэд шигээ үйлчилсэн. Тэр өөрийн гараар кимчитэй сэндвич хийж, тэднийг хооллосон ба тэдний сайн хоньчин болсон. Есүс “Сайн хоньчин нь Би байгаа юм. Сайн хоньчин хоньдынхоо төлөө амиа өгдөг” (Иохан 10:11) гэж хэлсэн. Манай чуулганы үндэслэгч Самуел Ли доктор ч Библийг Солонгост, Сайнмэдээг дэлхийд дэлгэрүүлэхийн тулд өөрийгөө огоорч амьдарсан. Тэр 2002 онд Бурхан өөд буцсан бөгөөд Чикаго дахь ЮБФ-ийн оршуулгын газарт тавигдсан. ЮБФ-ийнхэн түүний чулуун дээр “Оюутны Библийн нөхөрлөлийн хоньчин доктор Самуел Ли” (University Bible Fellowship Shepherd Dr. Samuel Lee)  гэж сийлсэн юм. Тэр сайн хоньчин Есүс мэт амьдарсан. Түүний Солонгос, Америк, Африк, Азид тарьсан үр дэлхий даяар соёолон цомирлогоо нээж, үр жимс нь гарсан бөгөөд тэдгээр үр жимс нь зууныг дамнан, таван тивд тархжээ. Азийн улс орнууд түүний итгэлийн болоод сайн сайхан амьдралыг хүлээн авснаар Бурхан тэднийг “Хоньчин үндэстэн, мишеонер илгээгч улсууд” болгож өгөхийг гуйж байна. Итгэгч бид сайн сайхан хүмүүс юм. Бид даруу, уриалгахан, өөрийг умартдаг хүмүүс билээ. Есүс загалмайд нас барсан учир бид Есүсийг дагадаг. Есүсийн нэрээр хийж буй сайн сайхан үйл хэрэг бүхэн минь бичигдсэн бөгөөд Тэнгэрийн улсын шагналыг авна гэдэгт итгэж байна. Бид Есүсийг улам дуурайхад ЮБФ чуулган маань сүнсээр өсч өндийх болно.

 

Гуравт, загалмайн сүнслэг байдал нь “гэрчлэл” юм. Христитгэл бол зөвхөн Иудейчүүдийнх биш, бүх дэлхийнх билээ. Есүс зөвхөн эргэн тойрныхоо хүмүүсийн л төлөө бус, харин ертөнцийн нүглийн төлөө нас барсан. Бурханы авралын төлөвлөгөө нь орон нутгийн чанартай бус, харин ертөнц дахины чанартай. Тиймээс Христитгэл нь үндэстэн, ястан, соёл зэрэг саад бэрхшээлийг даван гарч, Бурханы аврал дор бүх дэлхийг нэг болгодог. Есүс шавь нартаа бүх дэлхийгээр явж бүх үндэстэнд сайнмэдээ дэлгэрүүлэхийг тушаасны учир ч энэ юм. Есүс “Тиймээс та нар явж, бүх үндэстнийг дагалдуулагтун” (Матай 28:18), “Харин Ариун Сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай дэлхийн хязгаар хүртэл Миний гэрч болно…” (Үйлс 1:8) гэж тушаасан билээ. Есүс шавь нартаа Тайланд болон Азийн улс орнуудаас эхлээд дэлхий даяар, дэлхийн хязгаар хүртэл явахыг тушааж байна. Есүсийг мэндлэх үед тэнгэрэлч хээр талд сүргээ манаж байсан хоньчдод “Бүү айгтун, харагтун. Би бүх ард түмнийг үлэмж баярлуулах сайхан мэдээг та нарт авчирлаа. Өнөөдөр, Давидын хотод Аврагч Эзэн Христ та нарын төлөө мэндэллээ” (Лук 2:10,11) хэмээн айлдсан. Бурхан зөвхөн намайг, манай гэр бүлийг манай ард түмэн, манай үндэстнийг аврах л гэж Мессиа Есүсийг илгээсэн бус, харин бүх ертөнцийг аврах гэж илгээсэн билээ. Амен! 


Симон Петр Есүстэй уулзаад, Түүний Бурхан оршихуйг мэдрэн байх үед Тэр түүнд юу гэж хэлсэн бэ? “Бүү ай! Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно.” (Лук 5:10) хэмээсэн билээ. Есүс “Зүгээр ээ хө, би чамайг загасны том бизнесмен болгож өгье” гээгүй, харин “Чи хүмүүсийг загасчлах болно” гэж хэлж байна. Хожим нь Есүс Петрийг хайр ба хүч чадлынхаа гэрчээр босгож өгсөн. Бидний сүнслэг байдал нь Есүсийн тушаалыг дуулгавартай дагаснаар өсдөг. Христитгэл бол онол, теологидоо гол нь биш, харин тунхаглал болоод гэрчлэлдээ гол нь байдаг. Чуулганы түүхэнд сайхан гэрчлэл үлдээсэн итгэлийн баатрууд олон байна. Тэд Есүсийн хайр ба хүч чадлыг гэрчлээд амиа алдсан. Гэрчлэл гэж юу гэсэн үг вэ? Есүсийн үед энэ нь “Амиа өргөх” хэмээн ойлгогдож байсан. Тэд Есүсийг гэрчлэн, тунхаглаад амиа золиос болгоцгоосон юм. Симон Петр Есүсийг дагаснаар их загас барихаас ч илүү гүн гүнзгий сүнслэг ертөнцийг ухаарчээ. Тэрбээр загалмайн сүнслэг ертөнцөд хүрсэн. Тэр Есүсийн зовлон, үхэл, амиллыг ухааран, талархсан. Өмнө нь зовлонгоос айж явсан тэр Есүсийг дагаснаар зовлонд баярлаж чадах болсон. (1Пе 4:13) Та зовлонд баярлаж чадах уу? 


Усны гүн рүү орохоос цааргалдаг хүмүүс олон байдаг. Тэд тухтай бүсийнхээ гүехэн хэсэгт гүн хэсгийн эрсдлийг тооцсоор суудаг. Загалмай өөд очих нь Есүстэй уулзах зам гэдгийг мэддэг ч тэд Есүсийн загалмайн өмнө өвдөг сөгдөхийг хүсдэггүй. Тэд хүчирхэгээрээ, цэцнээрээ, баянаараа байсаар байдаг. Онол, теологидоо сайн боловч дуулгавартай байдал, зориулалтдаа муу байдаг. Харин загалмай өөд ирж, Түүний өмнө өвдөг сөгдсөн бүхэн эдгэрэл, амар тайван, дөлгөөн, даруу байдал, Бурханы оршихуй, Ариун Сүнсийг амсч ухаарах болно. Тэд Бурханы мэлмийд үнэнхүү зоригтой, цэцэн ухаантай хүмүүс болох болно. Бид дуулгавартай байдал, зориулалтаар дамжуулан Христийн дүр төрх болон гүн сүнслэг байдалд өсч чадахыг гуйж байна. Бид Азийн удирдагчдын чуулганаар дамжуулан Бурхан биднийг Өөрийн гэрч болгон өөрчилж өгөхийг, загалмайн өмнө өвдөг сөгдөөд, гэмшин гуйцгаая. 


Нэг үг: “Загалмай бол гэрчлэл”

Comments

  1. 🇲🇳 Та манай блогод зочлоорой!
    https://herbalteaman.blogspot.com/
    Ургамлын цай, байгалийн анагаах ухаан, эрүүл мэндийн тухай сонирхолтой мэдээллүүд таныг хүлээж байна.
    Тавтай морил!

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

ЭЗЭНИЙ ХУУЛИНД БАХДАН…